Блогоо хүнд хүргэхийг хүсвэл

Written on 5/15/2009 03:36:00 AM by Үгс

1. Блогийн дизайн гэж чухал эд бий. Хэрэв та хар дэвсгэр дээр ягаанаар ч юм уу цагаан үсэгтэйгээр бичээд эхлэвэл уншихад их төвөгтэй байдгийг анхаарна уу. Нүдний ухархайг тэсгээхгүй шүү дээ. Гэхдээ хар дэвсгэрийг битгий сонго гэсэн үг биш шүү. Фотоблогт хар дэвсгэр тун чиг зохимжтой. Олон өгүүлбэрээр битгий тайлбар тавиарай гэж зөвлөе.

2. Дизайнаа сонгонгуутаа тачигнатал нь латин үсгээр, үг үсгүүдийг гар утсаар мессеж бичиж байгаа юм шиг яргалаад эхлэвэл танд төдийлэн уншигч олдоод байхгүй. Тэгэхээр Монгол уншигчдад хандаж бичиглэж байгаа бол өнөөдрийн бидний хэрэглээ болох кирилл үсгээр үг үсгийн дүрмийг баримтлан бичих зайлшгүй шаардлагатай.
Блог таны хувийн орон зай тул бичлэгийн онцлогтоо тохируулан хүч нэмэгдүүлэх зорилгоор сонирхолтой санагдахуйц хар ярианы хэллэгээр зөв бичгийн дүрмээс гажуудаар бичиж болохгүй гэх газаргүй. Заримдаа тун ч их сэтгэл татам болсон байдаг. Гэхдээ энэ нь таныг алдаатай бичиж болно гэж өөгшүүлж байгаа хэрэг биш. Гол нь донжийг нь тааруулж хэмжээн хязгаартай хэрэглэх шаардлагатай.

3. Оюуны өмчтэй холбоотой маргаан нилээд их газар авах болсон тул та ямар нэгэн нийтлэлдээ ашигласан материалуудынхаа эх үүсвэрийг заавал дурдаарай. Ялангуяа блогчдын нийтлэлээс ашигласан тохиолдолд энэ нь тун чиг хөндүүртэй. Үүнийг анзааралгүйгээр зүгээр сонирхоод нэг нөхрийн гоё гэж санагдсан бичлэгийг копидоод тавьчихсан сууж байхад тань хулгайч зэлгийч, сайн эр, Талын Богдчингоор чинь дуудаад унавал бас л нүүр хийх газаргүй болно доо? Тэгэхээр хичнээн их таалагдсан ч гэсэн хэн нэгний шүлэг, зохиол нийтлэл зэрэг оюуны өмчид хүндэтгэлтэйгээр хандаж ашиглахаас өөр аргагүй болсон нөхцөлдөө эзэнд нь мэдэгдэж, бичлэгтээ эх үүсвэрийг заавал оруулаарай. Чухал биш юм шиг санагдаад байвал тэр хүний оронд өөрийгээ тавиад үзчихээрэй.

4. Нийгэмшиж л байгаа юм чинь та олон нийт дунд биеэ яаж авч явах тухай баримталдаг зарчимаа битгий алдаарай гэж хүсье. Зарим нэг нөхдүүд намайг хэн л мэдэв гэж гэсэн шиг элдэв ёс бус үйлдлээр таашаал аваад байдгийг үгүйсгэхгүй. Таны бичлэгийг таны, миний хүүхдүүд, ирээдүй хойч уншина шүү. Нэг өдөр таны таашаал авч балайрч элийрч бичээд мартчихсан бичлэгийг чинь хүүхэд чинь танд хэлээд зогсож байвал сайхангүй л санагдах байх тиймээ?

5. Бичлэгийн гарчиг их чухал гэдгийг ойлгоорой. Ямар гарчиг тавина түүнээс чинь шалтгаалаад унших үгүй нь ч шийдэгдэж болно. Зарим нөхдүүд шууд гарчиганд нь сэтгэгдэл бичиж паакталдгийг сонордуулъя. Гэхдээ сэтгэл нь сайхан юм тэ?

6. Интернэт дэх нийтлэлүүд урт байх зайлшгүй шаардлагатай биш л бол аль болох богинохон, товчхон (дутуу гэсэн үг биш шүү) нийтлэл оруулж байхыг хичээгээрэй. Цөөн үгээр хэлэхэд сайн нийтлэл гэж сайтар засагдсан, танагдсан бичлэг байдаг. Хэд ч засч болно. Утга санаагаа алдуулахгүй байхыг надаар хэлүүлэлтгүй биз. Та өөрийнхээрээ л байгаарай гэж сануулъя.

7. Сэтгэгдэл бол блогчдын хамгийн их ханамж авдаг H2O, амин дэм юм. За тэгээд таны нийтлэлүүдийг хүн уншиж байна уу үгүй юу гэдгийг сэтгэгдэлүүд харуулаад өгнө. Чанартай бичлэгт жилийн дараа ч сэтгэгдэл орж л байдаг шүү. Их сэтгэгдэл цуглуулах гээд элдэв сенсаац ч юм уу? бодлого, оньсого зэргийн сэтгэгдлийн тухайд өөр асуудал шүү гэдгийг хэлье. Таны бичлэгт үлдээсэн сэтгэгдэлд хариу барих нь тун ч боловсон санагддаг бөгөөд уншигчидтайгаа ойртон дотносох хамгийн дөт зам билээ.
Аа бас нэг чухал юм бий. Бусад блогуудад чин сэтгэлээсээ сэтгэгдэл бичиж санаа оноогоо хуваалцаж байгаарай. Худлаа сэтгэгдэл үлдээж нэр хүнддээ сэв оруулсанаас таг байсан нь хамаагүй дээр. Сэтгэгдэл бичнэ гэдэг нийтлэл бичихээс дутуугүй чухал зүйл. Мундаг сэтгэгдэлийн араас уншигчид нэхээд ороод ирдэг юм. Ингээд л их бага ямар нэг хэмжээгээр уншигчдаа олж авна. Танруу олон олон дайралтууд сэтгэгдлээр орж ирэх бөгөөд тэрхүү дайралтуудад эмзэглэн өөрчлөгдөхгүй байхыг хичээнэ үү. Таныг шаналгах сэтгэгдэл бичсэн хүн компьютерийнхээ ард инээчихсэн таны хариу үйлдэлийг хүлээж суугаа. Харин та түүнд заавал хариу бариад сэтгэлийн таашаал өгөх хэрэг байна уу гэдгээ бодох хэрэгтэй юм.

8. Сэтгэгдлээс гадна блогтоо хүн хандаж байна уу гэдгийг мэдэхийн тулд хандагчдын тоолуур тавьж ч болно. Гэхдээ хандагч гэдэг бол уншигч гэсэн үг биш. Гарчиглаад гараад явсан ч байж мэдэх тул нэг их ач холбогдол өгөөд хэрэггүй л болов уу?

9. Блогтоо та ямар вижет тавих нь таны хэрэг боловч уншигчдаа хүндэлж элдэв дагавар сурталчилгаатай үнэгүй вижетүүд тавихаас зайлсхийх хэрэгтэй. Тэгэхгүй бол таны блогт байгаа вижетээс залхсан уншигч сэтгэгдэл үлдээх гэж элдэв ачаалал амсахаас шууд гараад явахыг илүүд үзэх болно.

10. Блогтоо бусад блогуудын холбоосуудыг хөөрхөн тайлбартайгаар байрлуулж байвал танд ч, уншигчдад чинь ч, холбоосоо байрлуулсан блогчинд чинь ч хэрэгтэй зүйл. Таны блогоор дамжаад өөр нэгний блогт хандах боломжийг яагаад олгож болохгүй гэж? Олон уншигчтай болж л байвал блог улам л хөгжинө тийм ээ?

11. Олны танил блогчин байя гэвэл дээрхи зөвлөгөөнүүд таньд үр ашгаа өгөх байх гэж бодож байна. Дээр нь нэмээд хэлэхэд та тууштай бичигч байх хэрэгтэй юм. Ганц нэг сайн бичлэгээрээ овоо гайгүй болж байснаа хоёр сар үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болчихвол блогоо дахин хөтлөж эхлэж байгаа юм шиг л замыг туулан өмнөх хөдөлмөр чинь алга болноо л гэсэн үг.

12. Эцэст нь та хэн нэгний хувилбар биш зөвхөн өөрөөрөө байгаарай!

Эх сурвалж: http://3apaa.blogspot.com/2009/01/blog-post.html

If you enjoyed this post Subscribe to our feed

No Comment

Post a Comment