Байшингаа сайн барих юмсан.

Written on 5/15/2009 03:30:00 AM by Үгс

Хүн болгон л өөрийн амьдралд ямар нэгэн зүйлийг хийж бүтээдэг. Боловсрол эзэмших, нэг зүйлдээ мэргэших, эсвэл үр хүүхэдтэй болох гээд хүн хүн өөр өөр... Хийж бүтээсэн зүйл болгон байшин барихад орох жижиг хэсгүүд мэт. Байшинг барьхад материалаас гадна үнэхээр бат бөх, сайн зүйл хийе гэсэн сэтгэл, хичээл зүтгэл хэрэгтэй гэж боддог.
За зүгээр л нэг жишээ хэлье:

Нэгэн барилгачин өвгөн байж. Тэрээр ажилдаа хэнээс ч дутахааргүй сайн. Насаараа зөвхөн энэ л ажилаа хийсэн. Удахгүй тэтгэвэрт гарч ясаа амраана. Өвгөнийг тэтгэвэрт гархаас хэдэн сарын өмнө захирал нь түүнийг дуудаад бүх юмыг нь өгье, сүүлийн удаа хамгийн сайнаараа байшин барьж өгөөч гэжээ. Өвгөн ч тэгье л гэж. Удсан ч гүй байшингаа барьж эхэллээ. Насаараа хийсэн энгийн нэг ажил нь боловч энэ удаа сэтгэл ер нь л гаргасангүй. Сүүлийн байшингаа барьж дуусаад амрана, дахин энэ ажилтай зууралдахгүй энэ тэр гэж бодоод хамаг юмыг нь хальт мульт хийж, оромдоод хаячив. Байшингаа барьж дуусаад захиралдаа хүлээлгэн өгтөл захирал нь "энэ бол таны насаараа хөдөлмөрлөсөн ажлын үр шим. Би таныг хамгийн сайнаараа барьсан байшиндаа амьдраасай гэж хүсч байна." гээд тэр байшинг нь өвгөнд эргүүлээд бэлэглэжээ. Ингээд хэзээ ч нураад унаж магадгүй тэр байшиндаа сайн барилгачин маань өөрөө амьдрах болов. Түүний дотор юу бодогдож байсан бол? Хамгийн сайнаараа барьдаг байж гэж харамссан байхдаа тэ. Эсвэл дараа нь засаад сэлбэчих юм чинь гэж бодсон болвуу? Барилгачин л юм чинь зассан биз. Зассан байлаа гэхэд хамаг юмыг нь өөрийнхөө мөнгөөр янзалсан байх.
Яг үүнтэй адилханаар өөрийн амьдралдаа хийсэн их, бага гэтлгүй бүх зүйл эргээд өөрт нь зориулагдсан, өөрийнхөө гараар өөртөө барьсан байшин болдогийг залуучууд маань эртхэн ойлгоосой гэж..


Ингэхэд та ер нь өөрийнхөө амьдралд ямар байшин барьж байна даа?

If you enjoyed this post Subscribe to our feed

No Comment

Post a Comment